Tатaж авах өгүүллүүд ᠲᠠᠲᠠᠵᠤ ᠠᠪᠬᠤ / Publications for downloadsМонголч эрдэмтэдийн судлал / Study of mongolists

Мэргэн гүн Гомбожавтаны мутрын үсэг бүхүй эх бичиг олдов

2006.11.06.

Чингис хаан “Дээлт төрсөн хөвгүүн би ажгуу. Нүцгэн төрсөн хөвүүн чи ажгуу зээ” гэж Жамухад хэлүулсэн буй. Энэ бол жирийн нэг дээл хувцасны тухай яриа биш, Монголын гүн ухааны уугал сэтгэлгээг шингээсэн хэллэг Түүх намайг төрүүлсэн, чи бол эцгийнхээ амьд ахуйд суудалд нь горилсон өчүүхэн зуйрган амьтан гэсэн санаа. Үүнээс ургуулан бодвол, ямар ч үед цагийн аяс даган хүн мөсөө хайлуулдаггүй, үзэл бодолдоо үнэнч, шулуун шударга хүмүүс Монголын маань уулаар нэг, талаар дүүрэн, тэнгэрийн одод газарт буусан мэт байсны нэг нь Мэргэн гүн Гомбожавтан билээ.

Номын мөр хөөж холын Франц хүртэл одож ухаан боловсрол олсон түүний амь насыг бүрэлгэсэн хорт зэв, бүтээл туурвилыг нь цөмлөж чадсангүй. “Сургуулийн бичигдэвтрийн чанарыг сайжруулах сэдэв” нэрт бүтээлийнх нь гар бичмэл эх олдов. “Монголын хэл бичгийг сайжруулах бодлогын өгүүлэл”д нийтлэгдсэн хэдий ч, Мэргэн гүн Гомбожавтаны мутрын үсэгтэй бичмэл эх болохын хувьд уг олдвор үнэ цэнтэй. “Гомбожав” гэдэг нэрийг монголоор хоёр янз бичнэ. Нэг нь, “итгэл, шүтээн” гэсэн утгатай төвд уламжлалыг дагаж “Гонбожав” гэж бичдэг байсан ба нөгөө нь, “Гомбожав” гэж бичдэг байв.

“Монгол хэл бичгийг сайжруулах бодлогын өгүүлэл”д “М. Гонбожав” гэсэн байдгаас өөрөө тийн зурдаг байж дээ гэж бид ойлгож байв. Гэтэл үгүй юм байна. Мэргэн гүн өөрөө “М. Гомбожав” гэж гарын үсгээ зурдаг байжээ. Дээрх гар бичмэлийн 21 дэх талд улаан шунхан бэхээр тов тодорхой, тогтуун гэгч бичсэнээс бид олж мэдлээ. Монгол Улсын 24 дүгээр он, аргын 1934 оны тавдугаар сард эхийг хэвлэлд бэлтгэсэн байна. Үүнд олон мэргэд оролцжээ. Хурдан бичээч гэж алдаршсан Дашням, Гучинзургаат тайлбар толийг буулгасан, бидний Пүрэв гүн хэмээн мэддэг, бүрэн нэр нь Пүрэвжав гүн, мөн Дугар, Загд, Сүх, Цэмбил, Цэрэл, Эрслэн нар болно.

Дашням Пүрэвжав, Цэмбил Дугар гэх мэт хосолж, давхар хянан нягталж, зарим үг үсгийн засвар оруулгыг хийсэн байх ба “Анхыг тэр, тэр”, “Давхарыг тэр тэр” гэж он сар өдрөө хүртэл тухайлан тэмдэглэсэн өвөрмөц бичмэл байна. Бүтээлийг нийтийн хүртээл болгох гэдэг маш нарийн, олон даваа давдаг ажил байжээ. Эцэст нь Оросын мэргэжилтэн үзэж, хэвлэх зөвшөөрөл өгдөг байсан бололтой. Үүнд, Тубянский гуай ногоон бэхээр “Үүнийг хэвлүүлье Тубянский 5×16” гэж тун аятайхан, дадмаг цохсон нь монгол хэл бичигт хэчнээн гаргууд бичгийн хүн байсныг нь харуулна.

Тархиа гашилтал, нүдээ ширгэтэл, хүний газар ясаа тавьтлаа нэгэн үзүүрт сэтгэлээр монгол түмнийхээ төлөө чин үнэнч зүтгэсэн, хөөрхийлөлтэй хувь тавилант Эрхин бичгийн хүн Мэргэн гүн Гомбожавтаныхаа эл гар бичмэл, зарим зүйлсийг хар сүүдэр дайрсных нь 70 жилийн янар уугал эхээр нь хэвлуүлж, догшин зуурт (амьд хүнийхийг сүнс, талийгаачийнхыг зуурт гэдэг)ыг нь тохруулж, буян үйлдье хэмээн бодном.

Link