Г. Батцэцэг, 2011.01.20
-Монгол төрийн 2220 жилийн ойг тэмдэглэх Ерөнхийлөгчийн зарлиг гарсан. Хүннүгийн “Алтан хүн”-ий тухай ном бичсэн Таныг зорьж ирлээ. Зургийг нь та ардаа хадчихсан байх шив. Хэн, хэзээ, хаанаас олсон тухай ярьж өгөөч?
-1983 онд Булган аймгийн Бүрэгхангай сумын Өвгөнт хэмээх газраас археологийн малтлагаар “Алтан хүн”-ийг олсон юм шүү дээ. Булшийг анх ажигласан хүн нь “Чингис хаан” дээд сургуулийн захирал Х.Лхагвасүрэн. Тэр үед оюутан байсан юм.
Нэг орой харуй бүрийгээр сав үүрээд, худгаас ус авахаар явж байтал хөлд нь нэг юм тээглэх шиг болсон юм гэнэ лээ. Археологичдын сонирхдог юм тэнгэрт байдаггүй, газарт байдаг болохоор байнга газар ша гайж явдаг.
Доош хартал булш маягийн хэдэн чулуу байжээ. Хүрч ирээд, Наваан багшдаа ярихад сонирхсон шинжгүй, хээв нэг дээшээ хараад хэвтээд байж. Өглөө бостол Наваан багш нь “Чи юу яриад байгаа юм. Юу ч алга л байна шүү дээ” гэж гэнэ. Эрдэмтэн хүн болохоор сониуч зан нь хөдлөөд тэсэлгүй, үүр цүүрээр гараад явчихсан байхгүй юү.
“Үгүй ээ, байгаа гээд хоёул очтол, үнэхээр хээр талд хэнд ч ажиглагдамгүй дөрвөлжин булш байна гэнэ. Ухах эрхтэй тул, даруй дэвтэртээ төлөвлөгөө зургаа зураад малтаж эхэлсэн байна. Нэлээд ухаж байтал толгойгүй хоёр морь, алтан эдлэлүүд, “Алтан хүн” гарч ирсэн гэдэг.
-Хүннүгийн юм гэдгийг нь баталгаа, нотолгоотой яаж мэдсэн юм бол оо?
-1987 онд “Өвөг монгол хэл, бичгийн чухаг дурсгал” зохиолоо бичсэн. Тэр мөрөөр та эрэл хийж яваа юм байна л даа.Эртний олдворыг судалж, он цагийг нь тогтоодог орчин үеийн нарийн арга байдаг. Санкт-Петербург хотноо шинжлүүлсэн.
Он цаг нь Хүннү гүрнийхтэй тохирдог. Ганц үүгээр баталгаа болгож болохгүй л дээ. Тал талаас нь судлан шинжлэх хэрэгтэй болдог. Юу юуны туханд хүрэлгүй “Хүннүгийн үеийн эд зүйл” гэж тогтоочхоод түүндээ тааруулан хэрэглэгдэхүүнээ цуглуулж, судалгаа хийвэл арга зүйн хувьд буруу, сүүлдээ том алдаанд хүргэх аюултай.
Харин Хүннүгийнх биш гээд хэрэглэгдэхүүнээ цуглуулж, судалгаа хийх цагт эсрэг дүгнэлт гарч ирээд байвал сая зөв болно. Эрдэмтэн хүн энэ аргыг маш чухалд үзэх учиртай.
-Энэ “Алтан хүн”-ий толгойн хоёр талаар байгаа зуралгууд үсэг үү? Та үүнийг юу гэж тайлж уншсан бэ?
-“Алтан хүн” цаас шиг нимгэн. Тэгэхээр гүйлгээнд явдаг зоос биш. Энд тэнд хамаагүй газар хадвал үрчийчихнэ. Тэгэхээр малгай дээр хаддаг зүйл гэж үзсэн. Монгол хүн малгайгаа хүндэлдэг. Малгай дээр таних тэмдэг зүүдэг уламжлал одоо ч хадгалагдсаар. Хүний толгойн хоёр талаар байгаа зуралгуудыг эхлээд “тэмдэг” гэж томъёолоод, дараа нь дэлхийн мэдэгдэж буй арав гаруй үсгийн тогтолцоотой зэрэгцүүлэн судлаад, энэ бол жирийн тэмдгүүд биш ямар нэгэн мэдээлэл өгч буй үсэг байна. Одоогоор мэдэгдэж буй үсэг бичгийн хамгийн эртний хэлбэрт хамаарна гэж үзсэн.
Энэ бичээс, Европын соёл иргэншлийн анхны дурсгал болох Фестийн хүрдний бичээс, Энэтхэгийн Хараппын соёлын анхны дурсгал, Номхон далайд байдаг Пасха арлын соёлтой холбоотой болохыг тогтоосон. Энэ хэсэг дэлхийн эрдэмтдийн анхаарлыг ихэд татаж шуугиан тарьсан.
-“Алтан хүн” одоо хаана байгаа вэ?
-Манай эрдэнэсийн сан хөмрөгт хад галагдаж байгаа. Хэвлэл мэ дээллийнхэн, тэр дун – даа гадаа дынхан их сонирх – дог. Хэв лэл мэдээл лийн хэн ер нь маш их өрсөлдөх чадвар сайтай, мэд лэг чадвараараа дэлхийд уралдаж байдаг хүмүүс шүү. “Алтан хүн”-ий тухай мэдээллээр жишээ болгож жаал хууч дэлгэх үү. Дэлхийд хосгүй энэ олдворын тухай хамгийн түрүүнд “Улаан-Од” сонин мэдээ гаргасан. Ц.Элбэгдорж, Т.Ганди, Ё.Дагийсүрэн нарын нэртэй холбоотой юм шүү.
-Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж уу, энэ тухайгаа жаахан тодруулж ярихгүй юу?
-Тиймээ, Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж. 1987 оны үеийг эргэн саная. Улсын төв номын сангийн эрдэм шинжилгээний уншлагын танхимд нэг залуухан офицер (заримдаа энгийн хувцастай) байнга сууж, ном захиалж уншдаг байв. Бид олон удаа тааралдсан. Нэг өдөр танилцаж, шинэ олдворын тухай ярьсанд маш их сонирхож “Та манай сонинд ярилцлага өгөөч” гэдэг юм байна.
Би тэр үед чинь ёстой л “Алтан хүн”- ээр солиорчихсон явсан учир уухайн тас “Тэгье” гэлээ. Намайг дагуулаад, тэр баруунтаа байсан “Улаан-Од” сонины редакцид очоод, нэгэн цэмцгэр, цагаан царайтай бүсгүйд “Энэ хүнээс ярилцлага авч сонинд тавихыг бодоорой” гэчихээд гараад явсан. Тэр бүсгүй (сүүлд мэдэх нь ээ Т.Ганди байв) нэгэн сурвалжлагчийг дуудаж (Ё.Дагийсүрэн байв) ярилцлага авахуулж “Улаан-Од” сонины 1988 оны нэгдүгээр сарын 1-ний дугаартаа нийтлүүлсэн.
Тэр үе одоогийнхтой адилгүй. Сонинд сурвалжлага, ярилцлага гарна гэдэг чинь бөөн баяр шүү дээ.
-Ингэж “Алтан хүн”-ий тухай сурвалжлага мэдээний салхийг “Улаан-Од” сонин хагалсан байх нь ээ. Цааш юу болов. Ийм зүйл дээр дотоод гадаадын эрдэмтдийн үнэлгээ чухал. Та тодорхой баримттай яриач?
-Түүнээс хойш “Хүннү-гийн Алтан хүн”-ий тухай дотоод гадаадын хэвлэлээр “нээлт хийсэн” гэж их шуугисан. Тухайлбал, “Правда” сонины 1988 оны хоёрдугаар сарын 07- ны 38 дугаарт В.Сапов “Тайна золотого человека” гэдэг өгүүлэл нийтэлж “…Надо отдать должное Б.Сумьябатору.
Он сопоставил знаки на золотой пластине с рисунками на знаменитом фестском диске с острова Крит, с древнеиндийскими надписями на глиняных печатях, с письменностью острова Пасхи в Тихом океане… И в конце концов подобрал ключ, получив на основе лингвистических данных словосочетание: “Хаганская печать”, что соответствует гуннскому периоду…
Это открытие ученых, считают, первое вещественное доказательство наличия письменности у гуннских племен” гэж бичжээ.
Тэр цагт, “Правда” сонинд нэр устайгаа энэ мэт мэдээ, үнэлгээ гарна гэдэг бол хэн хүнд тохиолддоггүй, санаанд багтамгүй зүйл, ёстой ховор тавилан, том шагнал шүү дээ. Үүнээс хойш асуудал маш өөр болсон.
ШУА-ийн ерөнхийлөгч, академич Н.Содном манай хүрээлэнгийн захирал Д.Ёндонг дуудаад “Правда” сонинд танай хүрээлэнгийн нэг хүний бүтээлийн тухай гарсан байна. Монгол хүмүүсийн эрдэм шинжилгээний ажлын тухай үнэлгээ шүү дээ. Дэлхийд хосгүй шинэ олдвор, нээлт энэ тэр гээд байгаа юм биш үү, гадуур. Патентийн асуудал гарч байгаа юм биш үү. Чи комисс гарга, дүн шинжилгээ хийлгэ” гэсэн юм гэнэ лээ.
Д.Ёндон захирал намайг дуудаад, миний номын тухай товч яриулж, ерөнхийлөгч ингэж байна. Комиссын бүрэлдэхүүнд хэн хэнийг оруулбал дээр вэ гэж асуусан. Би тэр үед патент гэж юу байдгийг ч мэдэхгүй, “Харин л дээ” гээд өнгөрсөн. Захирлын тушаалаар Б.Базылхан, Г.Жамбалс үрэн, Д.Цэрэнпил нарын бүрэлдэхүүнтэй комисс томилогдлоо.
“Крит Микений соёл, Харапп Дравидын соёл, Пасха арлын соёл” гээд баахан юм гараад байх юм. Мэргэжлийн биш болохоор сайн ойлгохгүй байна. Чи өөрөө товч бичээд өгөхгүй юү гэхэд нь “Би номоо өгсөн, орос хэлээр дэлгэрэнгүй товчлол байгаа шүү дээ” гэсэн. Цаг нэлээд өнгөрсөн боловч тэгсхийгээд чимээгүй болсон.
Би ч БНСУ-ын Тангүг их сургуульд уригдаад явчихсан. “Алтан хүн”-ийг булшнаас малтаж гаргасан археологич, профессор Д.Наваан 1988 оны хоёрдугаар сард ЗХУ-д томилолтоор ажиллаж, алдарт эрдэмтэн Лев Николаивич Гумилев гуайтай уулзан ярилцаж, номоо өгсөн юм байна.
А.Н.Гумилев “Би тухайн үедээ өөрийнхөө саналд эргэлзэж байсан (сомневался). Ийм юм (“Алтан хүн”ийг хэлж байна) Төв Азиас гарна гэдэгт итгэж байсан. Их сайн байна. Ийм л байх ёстой. Энэ тухай одоо л шуугих байх даа. Ийм юмны тухай шуугих ёстой. Би ч гэсэн нэг юм бичиж хэвлүүлнэ” гээд ихэд баярлаж, Наваан гуайг үнссэн гэнэ лээ.
-Тэгээд Гумилев гуай юу гэж бичсэн бол?
-Түүний бичиж хэвлүүлсэн зүйлийг би олж үзээгүй. Бие нь тааруу байсан гэнэ лээ. Бичиж амжаагүй ч байж магадгүй.
Түүхийн хүрээлэн урьсан боловч ирж чадалгүй өөд болсон. Зөвлөлтийн Хэл шинжлэлийн хүрээлэнгийн захирал, сурвалжлагч гишүүн Вадим Михайлович Солнцев гуай, академийн нэгдсэн байрны 410 тоот танхимд манайханд яриа хийж байхдаа “Нээлт” гээд босоод ирж билээ.
“Сумъяабаатарын нээлт энэ талд байна” гээд миний номын нэг хуудасны доод хэсэгт заагаад “Бид Фестийн хүрд, Пасха арлын соёл, Энэтхэгийн Макенжерогийн соёл гээд тус тусад нь мэддэг байсан. Гэтэл Сумъяабаатар Монголоос олдсон “Алтан хүн”-ий дээрх бичээсийн судалгаандаа тэр бүгдийн холбоог олж харж, гаргаж ирсэн байна. Энэ бол нээлт юм” гэж хэлснийг манайхан бүгд сонсож, дараа нь баяр хүргэж байсан.
Тэгж байтал “Новости Монголии” сонины 1988 оны хоёрдугаар сарын 12-ны 13-p дугаарт Ч.Эрдэнэ гэдэг хүний “Уникальный памятник: Открытие и исследование” гэдэг том өгүүлэл гараад ирдэг юм байна. Сүүлд мэдэх нь ээ “Их гурвалжин”, “Супер онол”-ын Ч.Эрдэнэ юм билээ. Мөн хэдхэн сарын дараа “Утга зохиол, урлаг“ сонины 1988 оны тавдугаар сарын 20-ны 21 дугаарт Г.Акимийн “Алтан хүн юу хүүрнэнэ вэ” гэсэн өгүүлэл хэвлэгдсэн.
Түүнд өгүүлэхдээ, “Алтан хүн”-ийг Гомерийн алдарт “Илионы дуулал”-д гардаг Трой хотыг олсон зэрэг хүн төрөлхтний соёлын гайхамшигт нээлтүүдтэй эн зэрэгцэх дурс гал гэж тодорхойлоод, “Б.Сумъяабаатарын судалгаа хэл бичгийн гэгдэж байгаа боловч түүх, археологи, урлаг, угсаатны зүйтэй холбогдсон цогц судалгаа болжээ…
Бичээсийг хүннү хэлээр “Хааны тамга \тэмдэг\ гэж тайлжээ. Сумъяабаатарын судалгаа Монголын соёл, түүхийн нэгэн цагаан толбыг арилгаж байгаа юм биш үү” гэж бичсэн байна. Энэ мэт дотоод, гадаадын эрдэмтдийн үнэлж цэгнэсэн, санал нийлсэн, зөрсөн зүйл цөөнгүй.
-Юун дээр санал зөрсөн юм бэ. Та үүнийг юү гэж үзэж байна вэ?
-Эрдэмтэд юмыг дандаа ухаж төнхөлдөг юм. Түүнийхээ хүчинд ч юмыг олон талаас нь судлах боломжтой байдаг. Эрдэмтэд нэг загварт баригдахыг хэзээ ч хүсдэггүй.
Булшийг хүннүгийн булш мөн, биш гэж маргалддаг. Энд нэг анхаарах зүйл бол, булш болоод булшнаас гарч буй эд өлгийн зүйл хоёрыг хутгаж болохгүй. Тухайлбал, булшны он цаг болоод булшнаас гарч буй эд өлгийн зүйл хоёрын он цаг заавал яс таарах учиргүй. Сүүлийн үеийн булшнаас ч өнө эртний зүйл гарч болно. Ийм баримт зөндөө.
ХХ зууны алдарт музейнүүдэд хэдэн сая жилийн өмнөх олдворууд ч хадгалагдаж байна шүү дээ. Үүнтэй зүйрлэн ойлгож болно. Тухайлбал, VII зууны булшнаас X зууны зүйл гарч болохгүй, VII зуунаас өмнөх нь болно. Хүннүгийн булшнаас л хүннүгийн эд өлгийн зүйл гарна гэж ойлговол эндүүрэл.
Мөн зарим эрдэмтэн “Алтан хүн” дээрх бичээсийг эртний түрэгээр унших оролдлого хийж байна. Үүнийг үгүйсгэх учиргүй.
Гэхдээ, эртний Түрэгээр мэргэжсэн олон сайн мэргэжилтэн тэс өөр өөрөөр уншиж байгаа нь гайхаш төрүүлдэг. Нөгөө талаар тэд “Алтан хүн” дээрх бичээс Европын соёл иргэншлийн төвийн анхны дурсгал, Хараппын соёл, Пасха арлын соёлтой холбоотой хэсгийг огт анзаарахгүй, үгүйсгэх ч үгүй байгаа юм. Эдгээр соёл бол эртний Түрэгээс хамаагүй өмнөх үед хамааралтай.
-“Алтан хүн”-ий эргэн тойронд товруунууд байх юм. Тэр ямар учиртай юм бэ?
-Урлагт нэг цэг ч утга учиртай байдаг. “Алтан хүн”-ийг тойрсон 26 товруу байгаа. Яагаад 26 байгааг тайлбарлах хэрэгтэй. Эртний монголчууд есөөс гадна 13-ыг эрхэмлэдэг байсан. Хоёр арван гурвын нийлбэр 26 гэж нэг тайлж болох юм.
Нөгөө талаар Хүннүгийн хаан Модун Шанью Хятадын Хан улсын хаанд “Би умар зүгийн 26 их, бага улсыг нэгтгэж Шанью болов” гэсэн утгатай захидал илгээж байсан тухай түүхэн тэмдэглэлтэй холбож үзэж болмоор байгаа юм.
Хэрэв тийм бол, энэ товруу уул “Алтан хүн”-ийг Хүннүгийн эд өлгийн зүйл болохыг баталж өгч байгаа хэрэг юм.
Link to Өнөөдөр
2016.12.21, Ц. Шийрэв
2016.12.21, Ц. Шийрэв
ХҮН ГҮРНИЙ АЛТАН ШҮТЭЭН – НОЁН УУЛ ЦААЗЫН ТАВЦАНД 1-р хэсэг, Link to Өнөөдөр