27.01.2012
Prof. B. Sumiyabaatar would like to express his graditude to Mr. Jack Weatherford and his foundation for appreciation of the “The Secret History of Mongolia Vol. 1” and “Comparitive analysis of the Thousand character classic”.
Жак Уэтерфордын нэрэмжит 2011 оны шагналыг эрдэмтэн, профессор Б.Сумъяабаатар “Монголын нууц товчооны хэлбэр судлал”, “Монгол солонгос нангиад Мянган үсгийн соёлын харьцуулсан судалгаа” номоороо хүртлээ. Монголын нууц товчооны хэлбэр судлал 1 бүтээл ном нь түүний 3144 хуудас бүхий Монголын нууц товчооны хэлбэр судлал 2, Монголын Нууц Товчоо үсгийн галиг ном зэрэг олон жилийн судалгааны ажлын үр дүн бөгөөд тус номд Монголын нууц товчоог галигласан нангиад үсгүүдийн талаар нарийвчлан судалгааг нэгтгэн маш сонирхолтой дүгнэлтүүд гаргасан. МНТ-нд ямар үеэр эхэлсэн үг хэд хичнээн байгааг анх удаа нарийвчлан тооцжээ. Монгол солонгос нангиад Мянган үсгийн соёлын харьцуулсан судалгаа номоороо дамжуулан Юань гэсэн үгэнд Хөх өнгө хэмээх утга буйг нотолсон нь эрдэм шинжилгээний нээлтийн шинжийг агуулсан гэж хэлж болно.
Мөн тэрээр Хүн гүрний түүх, хэлний дурсгалд чухалд тооцогдох Алтан хүний бичээсийг тайлан уншиж, Чингисийн алтан ургийн Угийн бичиг ба Гэрийн үеийн бичмэл ном бичсэн нь судалгаа эрдэм шинжилгээний үнэтэй эх сурвалж болсон. Монголчууд одоогоос 730 жилийн өмнө буюу 1282 онд Нэвтэрхий толь бичиг бүтээсэн тухай түүхэн сурвалж бичиг, 12-р зуунд 17000 дэвтэр бүхий номын сан бэлэглэж байсан тухай, Улаанбаатар хот байгуулагдсан 1639 онд Солонгост 5м өндөр монгол бичгийн хөшөө босгож байсан тухай, 998 онд Хятан хэл сурахаар Солонгосоос 10 хүүхэд ирж байсан тухай, Гэрсэнз хутагтын 10 м урт ургийн бичиг онц сонирхолтой эх сурвалжуудыг олонд толилуулж байна.